Home Сонин хачин Шмидт яагаад 32 жил нууцлаг хонгил ухсан бэ?

Шмидт яагаад 32 жил нууцлаг хонгил ухсан бэ?

Америкийн баруун өмнөд нутгийн Мохаве цөлийн Эль-Пасо хотын хавьд хатуу чулуулаг дундуур ухсан 2087 метр урт хачин сонин хонгил байдаг. Хонгил бүр ямар нэгэн газарт хүргэх зориулалтаар бий болсон байдаг бол энэ хонгил юунд ч хүргэдэггүй нь хачирхалтай. Уильям Генри Шмидт гэгч сонин зантай хүн энд хонгил байх ёстой гэж үзсэн ганцхан шалтгаанаар л уг хонгил бий болжээ. Тэр хатуу чулуун дундуур хонгил ухан, амьдралынхаа 32 жилийг зориулсан хэдий ч, энэ тухайгаа хэнд ч ярьж байгаагүй аж. Өөрийнх нь сонин ажлын тухай асуултад тэр хариулахдаа, энэ бол “хамгийн дөт зам” гэж хэлдэг байж.

Чухам хаана хүрдгийг хэн ч мэддэггүй байна.

Шмидт биеэ тэнхрүүлэхээр 19 дүгээр зууны сүүлчээр Род-Айленд муж улсаас Калифорнийн цөлд иржээ. Тэр уулын ажил хийхээр түрээслэж авсан тэр газраас холгүй 1902 онд хонгилоо ухаж эхлэсэн бололтой. Тэрээр зээтүү, лантуу, гар өрөм, тэсрэх бодис хэрэглэн ухаж, харин хонгилоос хайргыг жижиг тэргэнцрээр зөөдөг байсан байна. Заримдаа хайргыг үүрээд ч явдаг байжээ. Дараа нь тэр хонгилд зам төмөр, уурхайн тэргэнцэр тавьж, үүгээрээ хайргыг гадагш зөөдөг болсон байна.

Энэ хүн ерөөс солиотой хүн гэж энд аж төрдөг олонх хүн үздэг байжээ. Тэр ганц бие байсан бөгөөд нарийндаа хатсан хүн гэсэн нэр ч авч байж. Учир нь тэр хувцсаа шуудайны өөдсөөр нөхөж, харин гутлаа лаазалсан нөөшний төмрөөр үдэж хаддаг байсан байна. Тэсэлгээ хийхдээ цэнэг хэмнэх нэрийдлээр гар татаж, дэлбэлэлтийн бүсэд ойрхон байснаас тэр олон удаа хүндээр шархдаж байжээ.

Нутгийн хүмүүс түүнийг “Гажиг Шмидт” гэж хочилж, харин сүүлд нь өөрөө “Burro” (англиар Илжиг) гэдэг нэр авчээ. Өнөөдрийг хүртэл “Илжиг-Шмидт”-ийн хонгил нь нууцлаг хэвээр байгаа бөгөөд энд ирж үзэхээр шийдсэн хүмүүсийн сониуч занг хөдөлгөсөөр байгаа гэнэ. Шмидт юу хийж байгаагаа мэдэж байсан хэрэг гэж тэнд очиж үзсэн бүх хүн батлан хэлэхэд бэлэн байдаг аж.Түүнд ийм ажил хийх ямар ч тусгай мэдлэг, мэргэжил байгаагүй ч, түүний хийсэн чимхлүүр ажил огт эргэлзээ төрүүлдэггүй байна.

Гэсэн ч, яахлаараа хаана ч хүрдэггүй хонгил ухдаг байна аа? гэсэн асуулт хариултгүй байсаар байна. Шмидтийг ингэж хонгил ухаж байхдаа хонгилд хүдрийн баялаг орд, алтны судал олсон гэх цуу яриа тарж байжээ. Гэвч эдгээрийн ярианы аль нь ч нотлогдоогүй байна.Хэд хэдэн хүн Шмидтийн хонгил болон түүний хийсэн ажлыг шинжлэн судласан ч, тэр өөрийн ийм ажил хийх болсон шалтгааны тухай ганц тэмдэглэл үлдээгээгүй ажээ.